Эмэгтэйчүүдэд тулгардаг эрүүл мэндийн асуудлууд маш их. Үүн дотроос үтрээний хуурайшилт буюу хатангиршил нь элбэг буюу хоёр эмэгтэй тутмын нэгд тохиолддог гэж судлаачид үздэг. Үтрээний хуурайшилт нь бүх насны эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд шалтгаан нь үтрээний хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдсанаас болдог. Ихэнх тохиолдолд цэвэршилтийн үед үтрээний хуурайшилт явагддаг ч залуу бүсгүйчүүдийн хувьд үтрээний хуурайшилтай болох хэд хэдэн шалтгаантай. Үүнд:
Эм, эмийн бүтээгдэхүүн
Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэх, сэтгэл гутралын эсрэг эм, артерийн даралт бууруулах эм, харшлын эсрэг эм, шээс хөөх болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэснээс болж үтрээний хуурайшилт үүсдэг байна.
Сарын тэмдэг
Сарын тэмдэг ирэхийн өмнө үтрээний хуурайшилт түр хугацаанд үзэгдэх нь бий. Энэ үед эмэгтэйн биед эстроген дааврын түвшин буур прогестроны түвшин ихэссэнтэй холбоотойгоор үтрээ хуурайшдаг.
Зарим төрлийн мэс ажилбар
Мэс заслын аргаар өндгөвчөө авахуулах, хорт хавдрын хими эмчилгээний үед, шээс бэлгийн замын халдварт өвчлөлүүдийн үед үтрээ хуурайшдаг.
Сэтгэл зүйн байдал
Стресс, сэтгэл гутрал, оюуны хэт ачаалал, дархлааны хямралын үед үтрээ хатангиршил явагддаг.
Ариун цэвэр буруу сахих
Бэлгийн ариун цэвэр буруу сахих, шүлтлэг ихтэй саван, гель тогтмол хэрэглэх нь үтрээ хуурайших бас нэг шалтгаан болдог.
Хорт зуршил
Тамхи татсанаар цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, хуурайшилт болоход нөлөөлдөг. Мөн эстроген дааврыг бууруулдаг. Үүнээс гадна тамхи татдаг эмэгтэйчүүд тамхи татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй эрт цэвэршдэг. Түүнчлэн эстроген даавар орлуулах эмчилгээ хийхэд үр нөлөө муу байдаг.
Үтрээний хуурайшилт нь дараах шинж тэмдгээр илэрнэ.
1. Үтрээний шүүрэл ялгаралт багасах эсвэл бүр байхгүй болох
2. Бэлгийн бага уруул орчмоор хуурайших, загатнах, хорсох
3. Сексийн үед таагүй мэдрэмж төрөх, өвдөх
4. Үтрээний хананд жижиг гэмтэл үүсэх, цус гарах, сексийн дараа цус гарах
5. Хөнгөн бие засахад хорсох, өвдөх, ойр ойрхон шээх
Үтрээний хатангиршлыг эмэн эмчилгээ, дааврын эмчилгээ, үтрээний лазер эмчилгээгээр эмчилдэг. Юуны түрүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө авч өөрт тохирсон эмчилгээг эхлүүлснээр үтрээний хуурайшилтыг зогсоох боломжтой.
Үтрээний хуурайшилтаас амьдралын зөв хэв маягаар сэргийлэх боломжтой. Бэлэг эрхтний ариун цэврийг зөв сахих нь чухал. Өдөр бүр бэлэг эрхтнээ угаах, гэхдээ элдэв төрлийн цочроох саван, гель хэрэглэхгүй. Зөвхөн зөөлөн бүтэцтэй эмэгтэйчүүдийн саван, гель хэрэглэнэ. Эсвэл зүгээр л цэвэр усаар угаагаарай. Ариун цэврийн хэрэглэлийг 2-4 цаг тутам солих, тампон хэрэглэхгүй байх, элдэв төрлийн үнэртэй ариун цэврийн хэрэглэл, цааснаас татгалзах, даавуун материалтай дотуур хувцас өмсөх, түүнийг элдэв будагч бодисгүй энгийн савангаар угааж байх. Мөн хооллолтод анхаарах бөгөөд хурц амтлагчтай, халуун ногоотой, даршилсан давсалсан хоол хүнс, алкохолоос татгалзаж эрдсээр баялаг жимс хүнсний ногоо, бүхэл үрийн гурил хэрэглэж хэвших, өөрийн биеийн индекст тохирсон ус ууж байх нь үтрээний хуурайшилт хатангиршлаас сэргийлэх өдөр тутмын дадал юм. Мөн бэлгийн идэвхтэй амьдралтай байх нь энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм.