Орчин цагт олон төрлийн шинжилгээгээр биеийн эрүүл мэндээ хянах боломжтой ч гэрийн нөхцөлд хамгийн хялбар аргаар эрүүл мэндийнхээ ерөнхий байдлыг шээсний өнгө, үнэр, давтамжаар тодорхойлох боломжтой юм. Шээсний өнгө өөрчлөгдөх нь биед ямар нэг өөрчлөлт гарч байгааг илтгэдэг ажээ. Шээсний найрлагын 95 хувь нь ус, үлдсэн 5 хувь нь мочевин, кали, креатинин болон шээс, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны химийн процессын эцсийн бүтээгдэхүүн болох бусад бодисыг агуулдаг.
Хэрвээ шээс ТУНГАЛАГ цайвар өнгөтэй гарах нь биед хэт их ус байгааг илтгэдэг. Их хэмжээний ус уусны дараа шээс тунгалаг өнгөтэй гарах магадлалтай. Хэрвээ шээсний өнгө ус уугаагүй байсан ч тунгалаг хэвээр гарах юм бол чихрийн шижингийн шинж тэмдэг байх магадлалтай тул эмчид хандаарай.
ЦАЙВАР ШАРГАЛ өнгийн шээс нь таны бие организм эрүүл байгааг илтгэх бөгөөд бие хангалттай чийглэг байгааг илтгэдэг.
Аминдэм их хэрэглэсэн үед эсвэл ус бага уусан үед ШАР өнгийн шээс гардаг. Тиймээс өөрийн биеийн индекст тохирсон усыг өдөр тутам хэрэглээрэй. Ингэснээр шингэний дутагдлаас сэргийлж, бие эрүүл байх үндэс болдог.
Таны биед ус дутагдаж буйг ТОД ШАР өнгийн шээс илтгэнэ. Шээсний концентраци ихэссэн, халуурч байгаа эсвэл хэт их өлсөх үед ийм өнгийн шээс гарч болдог. Биеийн байдлаа ажиглан тохирох арга хэмжээг аваарай.
Пивоны өнгө шиг БОР шээс гарч байвал усны гүн дутагдалд орсон байх магадлалтай. Шингэнээ нөхсөн ч шээсний өнгө өөрчлөгчдөхгүй бол элэг өвчилсөн байж болзошгүй тул шээсний өнгөө ажиглан яаралтай эмчид хандахыг зөвлөе.
Хэрвээ шээсний өнгө УЛБАР ШАР байвал биед билиубин их хэмжээгээр байгаа гэдгийг илтгэж байна. Мөн шээсний замын эмгэг, цөсний сувгийн бөглөрөл үүссэн үед шээс ийм өнгөтэй гарч болдог тул эмчид хандаарай.
Хүрэн манжин их хэмжээгээр хэрэглэсэн үед шээсний өнгө ЯГААН гарах боломжтой. Хэрвээ хүрэн манжин хэрэглээгүй үед ягаан өнгөтэй байвал шээсэнд цус байгааг илтгэж болох ноцтой шинж тэмдэг учир ийм өнгийн шээс анзаарвал эмчид яаралтай хандаарай.
БАРААН ЯГААН ӨНГӨ нь шээсэнд их хэмжээний цус байгааг эсвэл давсагны халдвар, зарим тохиолдолд хорт хавдрын шинж тэмдэг учир цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай.
Түүнчлэн аливаа үрэвсэлт өвчлөлийн үед шээсний үнэр өөрчлөгддөг тул ажиглаж байгаарай. Шээс таны эрүүл мэндийн толь тул ямар нэг өөрчлөлт гарсан тохиолдолд нарийн шинжилгээ өгч, мэргэжлийн эмчид хандаарай.