Хайрын таван хэл

Хосын харилцаанд хүмүүс хайрын сэтгэлээ таван янзаар илэрхийлдэг гэсэн сонирхолтой судалгааны дүгнэлт бий. Үүнийг Хайрын хэл гэж нэрлэдэг. Тодруулвал, хүмүүсийн хайраа илэрхийлэх, хайрыг хүлээж авах хэл нь өөр өөр байдаг бөгөөд тэрхүү хэлийг дараах байдлаар тав ангилдаг ажээ:

Хайрын таван хэл хэмээх ойлголтыг хамгийн анх америкийн зохиолч, философийн доктор Гари Чампан 1992 онд хэвлүүлсэн Хайрын таван хэл: Хайртдаа хэрхэн чин сэтгэлээ нээх вэ (The Five Love Languages: How to Express Heartfelt Commitment to Your Mate) номоороо нийтэд дэлгэрүүлжээ. Тэрээр өөрийн хийж байсан гэр бүлийн зөвлөхийн ажлын туршлага дээр үндэслэн хайрын харилцааны таван хэв маягийг тодорхойлсон аж. Түүний дэвшүүлсэн энэхүү санаа нь өдгөө ч хүмүүсийн анхаарал сонирхлыг татсаар, хосын харилцааг сайжруулах нэгэн арга хэрэглүүр болсоор байгаа юм. 

Тэгвэл Гари эрдэмтний дэвшүүлсэн хайрын таван хэлний алинаар нь та ярьдаг болохоо одоо тодорхойлоорой. Мөн та хайрттайгаа түүний хайрын хэлээр нь ярилцаж чадаж байгаа эсэхээ мэдээд аваарай.

Харин Хайрын таван хэлний онцлогийг уншихад бүгдээрээ л нэг хүнд байх юм шиг санагдаж болно. Гэхдээ эдгээрээс зөвхөн нэг нь л тухайн хүнд давамгайлж, түүний гол хэл нь байна гэдгийг бодолцож үндсэн хэлийг нь олоорой.

Хайрын хэл 1: Үг яриа

Энэ төрлийн хайрын хэлтэй хүмүүс хайраа үгээр илэрхийлэх дуртай. Мөн хайртаасаа хайрын үгс сонсохдоо тааламжтай байдаг.

“Би чамд хайртай” болон сайхан магтаал урмын үгс тэднийг сэргээдэг. Хайрттайгаа амаар ч бай, мессэжээр ч бай тогтмол харилцан яриа өрнүүлснээр тэд нандин холбоог мэдэрдэг.

Хайрын хэл 2: Хамтын цаг

Хайрттайгаа хамтдаа цагийг өнгөрүүлж, хамтдаа ямар нэг зүйлийг хийж байх нь энэ төрлийн хүмүүсийн хайрын хэл нь болдог.

Хайрт нь тэдэнд зориулж цаг гаргахад тэд маш их баярладаг. Мөн өөрсдийг нь анхааралтай сонсож, өөрт нь бүрэн дүүрэн анхаарал хандуулж дэргэд нь байхад тэдэнд хайрлуулсан мэдрэмж төрдөг.

Хайрын хэл 3: Бэлэг

Энэ төрлийн хүмүүс хайраа бэлэг өгч баярлуулснаар илэрхийлдэг. Бэлэг нь тэдний хувьд хайраа биет болгож буй хэлбэр юм.

Мөн бэлэг хүлээн авахдаа тэд тухайн бэлэгний үнэ өртөгт бус түүний ард буй хайрын сэтгэлд талархан баярладаг. Бэлэг сонгохыг тэд юуг хэрхэн сонгохоос эхлээд бодол сэтгэл шингээсэн үйл хэмээн үнэлдэг учраас тэдэнд нандин санагддаг.

Хайрын хэл 4: Халамж

Хайраа халамжаар илэрхийлдэг хүмүүс энэ төрлийн хэлтэйд тооцогдоно. Тэд хайртдаа ямар нэг тус хүргэх, тухайлбал хоол хийж өгөх, унаагаар дөхүүлж өгөх зэргээр өөрийн хайрыг илчилдэг. Энэ төрлийн хүмүүс үг ярианаас илүү үйл хэрэгт ач холбогдол өгдөг байна.

Харин хайрт нь тэдэнд их бага гэлтгүй тусыг хүргэхэд тэд догдлон уярдаг. Ядарсан үед нь цай дөхүүлж, өвдсөн үед нь асрахад тэд дүүрэн хайр энхрийллийг мэдэрдэг ажээ.

Хайрын хэл 5: Хүрэлцэхүй

Энэ төрлийн хүмүүс хайраа үнсэх, хөтлөх, тэврэх, секс хийх зэргээр биеийн дохиогоор  илэрхийлдэг. Хайртыгаа хүрэлцэхүйн мэдрэхүйгээрээ мэдэрснээр тэд дотно холбоог бүрэн дүүрэн мэдэрдэг.

Мөн хайртдаа тэврүүлэх, үнсүүлэх зэргээр биеийнх нь дулаан, эрчим хүчийг мэдрэх нь тэдний сэтгэлийг дүүргэдэг байна.

Хайрын хэлээ тодорхойлоход хэцүү хэвээр байна уу? Тэгвэл дараах асуултанд хариулаарай.

Дараах тохиолдлын аль нь танд хайрлуулсан мэдрэмжийг хамгийн ихээр төрүүлэх вэ?

  • “Би чамд хайртай” гэдэг үгийг сонсох, магтуулах
  • Амралтын өдрүүдээр хамтдаа гадуур зугаалах
  • Танд сэтгэл гарган бэлэг өгөх
  • Гэр орныхоо ажилд туслах
  • Хамтдаа хөтлөлцөн алхах

Үүн дээр нэмээд та аз жаргалтай харилцааг ямраар төсөөлдөг, өөрөө хайраа хэрхэн илчилдгээ нэг бодоод үзээрэй. Таны хайрын хэл одоо тодорхой болж байна уу? Үгүй хэвээрээ байвал хайрын хэлийг тодорхойлдог сонжоог интернетээс олж бөглөх боломжтой шүү.

Өөрийнхөө болон хайртынхаа хайрын хэлийг олж мэдсэнээр хосууд харилцаагаа илүү гүнзгийрүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь хэн юу хүсдэг, юунд илүү их баярладаг гэх мэт нэгнийхээ хүсэл хэрэгцээг илүү ойлгосноор хосууд харилцааны оновчтой хэлбэрийг сонгож, сэтгэлээ ч бүрэн дүүрэн ойлгуулж чадах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *