Жирэмслэлтийн үед бэлгийн харилцаанд орж болно, болохгүй гэсэн эргэлзээ байдаг.
Жирэмслэлтийн эхний 3 сар болон 36 дах долоо хоногоос хойш бэлгийн харилцааг тэвчихийг эмч нар зөвлөдөг. Учир нь энэ үеүдэд ураг зулбах, дутуу төрөх магадлалтай байдаг. Харин бусад үед бэлгийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд зарим хосын хувьд өмнөхөөсөө ч илүү таашаалтай байдаг гэдэг. Нөхрийн хувьд жирэмсэн эхнэрийнх нь бие илүү дур булаам, тачаангуй санагддаг бол эмэгтэйн аарцаг хэсэгт нэмэгдсэн цусны эргэлт ч бас түүнд мэдрэмтгий байхад нөлөөлдөг. Харин зарим хосын хувьд жирэмслэлтийн үеийн бэлгийн харилцаа тухгүй тааламжгүй байдаг. Энэ нь жирэмсний хордлого, жирэмсний эхэн үеийн ядрал, хөх хөндүүрлэх, ойрхон шээс хүрэх, дааврын өөрчлөлт, ураг зулбах вий гэсэн айдас зэрэг нөлөөлдөг. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь түр зуурынх юм. Хэсэг хугацааны дараа бэлгийн амьдрал хэвийн байдалдаа эргэн орох тул энэ үед бие биеэ ойлгож, ярилцахыг зөвлөж байна.
Жирэмсэн үеийн бэлгийн харилцаанд эмэгтэйн сэтгэл зүйн тогтвортой байдал, сексийн байрлалыг чухалчлан анхаарах хэрэгтэй. Сексийн өмнө эхнэр тань түгшүүртэй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, айдастай байвал түүнийг битгий хүчлээрэй. Түүнийг тайвшруулж, дараагийн удаа сэтгэлзүйгээ бэлдэж байж бэлгийн харилцаанд орох тухай ярилцаарай. Мөн сексийн байрлалыг ч мартаж болохгүй. Аль байрлал зөв, аль нь буруу гэсэн хариулт байдаггүй. Харин жирэмслэлтийн хугацаа хамаарч байрлал сонгох ганцхан дүрэмтэй. Эхэн үед бараг бүхий л байрлал боломжтой байдаг бол сүүлийн саруудад байрлалд болгоомжтой хандах хэрэгтэй. Жирэмслэлтийн аль ч үед хэвлийд ачаалал өгөхгүй байхыг анхаараарай. Жирэмсэн үед уламжлалт, солбио, догги байрлал илүү тухтай бас аюулгүй байдаг.
Жирэмслэлтийн хугацаанд тогтмол бэлгийн харьцаанд орох нь умайн булчин суллах мөн эр бэлгийн эс умайн хүзүүг зөөллөж, уян хатан болгодог. Энэ нь төрөлтийн үед урагдалт үүсэхээс сэргийлдэг. Зарим тохиолдолд жирэмслэлтийн үед бэлгийн харьцаанд орохыг хориглодог. Тиймээс хяналтын эмчээсээ санаа зовохгүйгээр зөвлөгөө аваарай. Хяналтын эмч дараах тохиолдолд бэлгийн харилцааг хориглодог. Үүнд: өмнө нь зулбаж байсан эсвэл зулбахыг завдсан, шалтгаан нь үл мэдэгдэх байдлаар цусархаг зүйл гарсан, хэвлий хэсэг өвдөлттэй байгаа, өмнө нь савны амсрын сулралтай гэж оношлогдож байсан, усны хүүдийнээс ус ялгарч байгаа, нөхрөөс элдэв төрлийн бэлгийн замын халдварт өвчин илэрсэн тохиолдолд сексийг хориглодог.
Түүнчлэн секс зулбалт үүсэх шууд шалтгаан болохгүй гэдгийг эмч нар хэлдэг. Секс хийснээс болж зулбалт үүссэн гэх тохиолдолд одоо хүртэл албан ёсоор нэг ч бүртгэгдээгүй. Олон зулбалтын эхний шинж тэмдэг /доошоо цусархаг шингэх гарах, базалж өвдөх/ сексийн дараагаар үүссэн байдаг ч тэр нь аль хэдийн үүсээд эхэлчихсэн байсан зулбалтыг эрчимжүүлсэн байх магадлалтай гэж анагаах ухаанд тайлбарладаг. Гэхдээ болгоомж хэзээд илүүдэхгүй. Сексийн дараа базлалт, цусархаг зүйл гарсан тохиолдолд хяналтын эмчдээ цаг алдалгүй хандаарай. Мөн дээрх шинж тэмдэг илэрмэгц зулбалт явагдаж байна гэж битгий айгаарай. Дур тавилт болон простагландин даавар нь саванд агшилт өгснөөр дээрх өвдөлт үүсдэг. Жирэмсэн биш үед ч гэсэн энэ агшилт явагддаг боловч бидэнд тэр бүр мэдэгддэггүй аж. Гэхдээ нь энэ нь базлалт, цусархаг шингэн бол жирийн байх ёстой үзэгдэл гэсэн үг огт биш.
Хэвийн тээлтийн үед бэлгийн харьцаанд орох нь асуудалгүй ч гэсэн долоо хоногт 1-2 удаа байхад хангалттай.
Түүнчлэн төрөлтийн үед хүндрэл үүсэлгүй, оёдол тавиулаагүй бол хэвийн бэлгийн харьцаанд 6 долоо хоногийн дараа орж болох юм.