Гоо сайхан байх гэдэг нь зөвхөн гадаад үзэмж, хөөрхөн төрх биш маш өргөн хүрээний ойлголт юм. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч нүүрний арьсандаа анхаарал тавьж хэрэглэх бүтээгдэхүүнээ болгоомжтой сонгодог. Харин биеийнхээ арьс арчилгааг орхигдуулаад байдаг талтай. Үүнд манай орны эрс тэс цаг уур, жилийн ихэнх үед арьсаа ил гаргах шаардлагагүй байдал нөлөөлдөг. Гэхдээ бидний биеийн жингийн 15%-ийг эзэлдэг арьсны арьс арчилгааг хэрхэвч орхигдуулж болохгүй.
Хүний арьс нь биеийг нарны хорт туяа, орчны аюултай бодисоос хамгаалж, биеийн температурыг зохицуулж, хүрэх мэдрэх, хорт бодисыг биеэс хөлс болгон гадагшлуулах гэсэн чухал үүрэгтэй. Тиймээс арьсаа гадны нөлөөлөл, эрс тэс уур амьсгал, нарны хорт туяанаас хамгаалах нь чухал юм. Арьсны уян хатан, эрүүл чийглэг байдалд идэж буй хоол хүнс, агаарын бохирдол, стресс, уур бухимдал, өдөрт авч буй нойр чухал. Иймд хүн бүр өөрт тохирсон арьс арчилгааны аргатай байх нь ёстой.
Биеийн арьс арчилгаа ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС эхэлнэ. Халуун шүршүүрт зогсож, бие угаагчаар биеэ ширүүхэн үрж угаах дуртай юу? Энэ үйлдэл нь буруу бөгөөд ямар ч сайн чанарын биеийн тос арьсаа хэт ширүүн угаасны дараа чийглэг сайхан арьсыг танд эргүүлэн өгөхгүй. Өглөө болон оройн шүршүүр 10 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Усны хэм биед таатай байх эсвэл бүр халуун хүйтэн усаар ээлжилбэл цусны эргэлт хурдасч, арьс чангардаг. Зөөлөн бүтэцтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгож байгаарай.
Биеийн арьсанд ч ЧИЙГШИЛ хэрэгтэй. Нүүрний арьстай адил чийгшүүлэх, тэжээл өгөх бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь биеийн арьсаа хамгаалах шалгарсан арга. Арьсны давхаргууд удаан хугацааны турш чийггүй байх нь арьс эрт хөгшрөх, суларч унжих шалтгаан болдог. Тиймээс гарт таарсан биеийн тос дэлгүүрийн лангуунаас шүүрэхгүй орц найрлага, үйлчилгээнд нь анхаарч байгаарай. Сайн чанарын чийгшүүлэгч тос нь биеийн арьсандаа зориулж буй том хөрөнгө оруулалт.
Биеийн арьс 21 хоног тутам гуужиж, шинэчлэгдэж байдаг. Тийм ч учраас арьсны үхэжсэн эд эсийг цэвэрлэж, сэргээж байх хэрэгтэй. ГУУЖУУЛАХ нь эрүүл, торгомсог, зөөлөн арьстай болох боломжийг олгодог. Арьсаа гуужуулаагүйгээс болж үүсдэг арьсны өвчин ч байдаг. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж арьсаа гуужуулж байгаарай. Хэт хуурай эмзэг мэдрэмтгий арьстай бол долоо хоногт нэг удаа, хуурай, холимог хэвийн арьстай бол долоо хоногт 1-2 удаа, тослог арьстай бол долоо хоногт 2-3 удаа тогтмол гуужуулах нь тохиромжтой. Мэдээж өөрийн арьсанд тохирсон гуужуулагч сонгох нь зөв бөгөөд гэрийн нөхцөлд гуужуулагч хийх боломжтой.
Гэрийн нөхцөлд хэрхэн гуужуулагч хийх вэ?
1. Хүнсний давс, элсэн чихэр хоёрыг адилхан хэмжээтэй хольж бага зэрэг усаар зуурахад гуужуулагч бэлэн болно. Энэ гуужуулагч нь орц найрлага энгийн ч арьсны гүн бохирдлыг сайн цэвэрлэдэг.
2. Нэг аяга кокосын тосыг шарах шүүгээнд хийж хайлуулаад нэг аяга элсэн чихэр, кокосын тосыг хатуу болтол нь холино. Түүн дээрээ нэг халбага нимбэгийн охь, нимбэгийн хальс, 5-10 дусал эфирийн тос нэмснээр нимбэгтэй гуужуулагч бэлэн боллоо. Уг гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулахаас гадна цайруулах, чангалах үйлчилгээтэйг дуулгахад таатай байна.
3. Зөгийн бал+кофений шаар нь нүүр болон биеийн гайхалтай гуужуулагч болдог. Энэ гуужуулагч нь арьсыг чийгшүүлж, цэвэрлэхээс гадна целлилютийг арилгадгаараа онцлогтой.