Ариун цэврийн хэрэглэлээ зөв сонгох

Охидын сарын тэмдэг нь дунджаар 11-13 насанд ирдэг бөгөөд бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн мөчлөгийн нэг хэсэг. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ биед гарах өөрчлөлтүүд, сарын тэмдэг, хөх ургах гэх сэдвүүдээр нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгч байх нь зүйтэй. Өсвөр насны охидын биед гардаг өөрчлөлтүүдийн нэг томоохон сэдэв нь “сарын тэмдэг”. Анх сарын тэмдэг ирэхэд айж, сандрах зүйлгүй ээжээсээ, эсвэл итгэлтэй дотнын хүнээсээ ичиж санаа зовохгүйгээр тусламж хүсэхийг зөвлөөрэй.  

Сарын тэмдэг ирэх үед эмэгтэй хүнд олон төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Тиймээс ариун цэврийн хэрэглэлийн сонголт маш чухал. Үтрээ орчмын бактериуд агааргүй орчинд хурдан хугацаанд үрждэг учраас агаар сайн нэвтрүүлдэг ариун цэврийн хэрэглэл сонгох ба хэрэглэлээ 2 цаг тутам сольж байгаарай.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний шалтгааны 63 хувь нь чанарын шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэлээс болсон гэдгийг судлаачид тогтоосон байна. Түүнчлэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 73 хувь нь сарын тэмдэг ирэх үед бэлэг эрхтний орчмоор загатнах, хорсох шинж тэмдэг илэрдэг. Энэ нь хэрэглэж байгаа ариун цэврийн хэрэглэл нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татаж байгаагаас харшил өгч байгааг илтгэнэ.

Олон улсын зах зээлд худалдаалагдаж байгаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлүүдэд хийсэн судалгаагаар бүтээгдэхүүний шингээгч бүрхүүл цаас нь дотроо бактеритай, вирустэй, тугалгатай байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон жилийн турш хэрэглэснээс үрэвсэлт өвчин үүсэх, харшилтай болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хортой хоргүй хавдар үүсэх зэрэг нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ.

Ариун цэврийн хэрэглэл нь дараах төрлүүдтэй байдаг. Үүнд:

Тампон

Сарын тэмдэг бага хэмжээтэй ирдэг эсвэл сарын тэмдэг дуусах үед тампон хэрэглэх нь зохистой. Тампон хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүй, ямар ч хувцас өмссөн тампон хэрэглэсэн нь мэдэгдэхгүйгээрээ давуу талтай. Гэвч тампон хийсний дараа биед тухгүй байдал мэдрэгдвэл хэрэглэхээс татгалзаарай. Учир нь тампоны хэмжээ танд таарахгүй байгааг биед гарч буй зовуур илтгэж байна.

Энгийн ариун цэврийн хэрэглэл

Эмэгтэйчүүд өргөнөөр хэрэглэдэг энгийн ариун цэврийн хэрэглэл нь дотуур хувцсанд наадаг бөгөөд шингэнийг 3-4 цагийн турш өөртөө шингээн барих зориулалттай. Хэрэглэхэд хялбар бөгөөд аль ч насныхан хэрэглэхэд тохиромжтой. Энэ төрлийн далавчтай хэрэглэл нь шингэн хальж урсахаас сэргийлдэг тул эмэгтэйчүүд ихэвчлэн энэ төрлийг сонгодог.

Дахин хэрэглэх боломжтой даавуун хэрэглэл

Дахин ашиглах зориулалттай ариун цэврийн хэрэглэл нь даавуун материалаар хийгддэг учир хэдэн ч удаа угаан ашиглах боломжтой. Ингэснээр санхүүгийн хувьд хэмнэлттэй ч угаах ариутгахад онцгой анхаарах хэрэгтэй.

Сарын тэмдгийн аяга

Сүүлийн үед эмэгтэйчүүд сарын тэмдгийн аягыг өргөнөөр ашигладаг болсон. Сарын тэмдгийн аяга нь нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлтэй харьцуулбал нян бактери үрждэггүй, хүний биед сөрөг нөлөөгүй силикон материалаар хийгдсэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм. Мөн л цэвэрлэгээ ариутгалыг сайтар хийх хэрэгтэй бөгөөд хэрэглэж эхлэхээсээ өмнө болон сарын тэмдэг ирж дууссаны дараа буцалсан халуун усанд хийж нян бактерийг устгах шаардлагатай. Сарын тэмдгийн үеэр аяга шингэнээр дүүрэх бүрд цэвэр усаар угааж хэрэглэнэ.

Ариун цэврийн хэрэглэлээ сонгохдоо хөвөн даавуун материалтай, хөлөргөдөггүй, нойтон чийг оргиулахгүй бүтээгдэхүүнийг сонгоорой. Ихэнх ариун цэврийн хэрэглэл пластик гадаргуутай байдаг учир чийгтэй эвгүй мэдрэмж төрүүлэх талтай. Энэ нь таагүй мэдрэмж төрүүлнэ. Ариун цэврийн хэрэглэлийн сонголт нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй шууд хамааралтай. Тиймээс ариун цэврийн хэрэглэлээ өөрт таатай, чанартай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.